Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
IQ төвийн захирал Профессор Ц.Дэмбэрэлтэй хийсэн ярилцлага
•    Оюун ухааны чадамж эрүүл мэндтэй холбоотойг хүн бүр мэдэх ч...

Тиймээ оюун ухааны чадамж, эрүүл мэндийн хооронд эерэг корреляци хамаарал байдгийг орчин үеийн судлаачид тэмдэглэсэн байдаг. Yнэхээр энэ нь хоёр талын ойлголт юм.
Нэг талаас оюун ухаантай хүн өөрийн эрүүл мэндээ анхаардаг. Мөн их мэдрэмжтэй байдаг. Хаана ямар эрхтэн өвдсөн, ямар хоол унд идсэн билээ, тэр нь юунд нөлөөлөх вэ? гэдэг талаар ерөнхий чиг баримжаатай байдаг. Энэ утгаараа оюун ухаан хүний эрүүл байх том нөхцлийн нэг болдог. Ер нь тэгээд өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх, идэш хоолоо янзлах, эмчилгээ зөв хийх, янз бүрийн эрсдэлд орохгүй байх талаасаа оюун ухаантай холбоотой. Yүнийг орчин үед их дэмждэг.
Нөгөө талаас оюун ухааны хэмжээ буюу IQ – ын түвшин эрүүл мэнд, наслалтын хооронд эерэг корреляци байна гэдэг нь нотлогдсон. Энэ их сонирхолтой. Ер нь амьдралаас хараад байхад ухаантай хүн урт насладаг байна. Энэ биеэ анхаарахаас гадна угаасаа урт наслахын нэг үндэс нь оюун ухаан юм.
IQ-гээ хөгжүүлбэл урт наслах боломж бий гэсэн таамаглал байдаг. Yүнийг барууны тархи судлалын эрдэмтэд нотлох судалгаа хийсэн. Энэ туршилтаа үхэр оготно дээр хийсэн. Хэсэг үхэр оготно авч хоёр хуваагаад хоёр тасалгаанд хийсэн. Нэг тасалгаан дахь  нь хоол унд ихтэй, идээд л унтаж байдаг. Нөгөө тасалгаанд нь хоол унд ховор хомс, ажил зүтгэл гаргаж байж, бие биен дээрээ авирч байгаад зогсож, нэг гох дэгээнд хүрэх гэх мэт тоглоомуудтай. Тэр тоглоомуудаа зөв байрлуулвал хоол гарч ирж, буруу байрлуулвал хоол унд гарч ирэхгүй гэх мэтийн орчин үүсгэсэн. Оруулахынхаа өмнө үхэр хулгануудынхаа тархийг хэмжиж, бор гадаргынх нь зузааныг хэмжсэн. Ороод гарсных нь дараа бас дахин хэмжсэн. Тэгээд хэвийн нөхцөлд байлгаж байгаад хэд орчим наслахыг нь тооцсон. Тэр ажил хөдөлмөр хийж, зүтгэл гаргаж байж, оюун ухаанаа зарцуулдаг хэсэгт байсан үхэр хулганы нэгдүгээрт тархины гадаргын хэмжээ мэдэгдэхүйц зузаарсан, хоёрдугаарт урт наслаж байсан. Yхэр хулгана мэдээжээр хүн шиг өөрийн оюун ухаанаа хөгжүүлж чадахгүй болохоор оюуны чадамж эрүүл мэндийн хооронд эерэг корреляци хамаарал байна гэсэн дүгнэлт гарсан.
Оросын физиологич Павлов “Таны оюун ухаанд вирус, өвчин орох зай байхгүй бол таны биенд өвчин орох зай байхгүй” гэж хэлжээ. Ер нь оюун ухаан бусад эд эрхтнээ удирддаг. Энэ үгийг батлах жишээ бий. Нэгэн эрдэм шинжилгээний ажилтан цөс нь чулуутай болоод авахуулах болсон авахуулахын урьд шөнөө санаа нь зовж хоносон. Маргааш өглөө нь эмч хагалгаа хийлгэх хийх гэхэд цөсний чулуугүй болсон байсан. Бүр нарийн шалгаж үзэхэд урьд шөнө нь хайлсан байжээ. Тэр хүнд бас савны хавдар үүссэн. Бас л хагалгаа хийх гэтэл алга болчихсон байсан. Ийм чадвар их олон хүнд тохиолддог. Өөрөөр хэлбэл оюуны өндөр чадавхиа төвлөрүүлж чадвал биед байгаа вирусыг, ёс бусын бүтцийг /ургацаг, хавдар гэх мэт/ эмчилж болдог. Энэ утгаараа оюуны чадамж, эрүүл мэндийн хооронд эерэг хамаарал байна. XXI зуунд хүмүүсийн нас уртсаж, дундаж нас нь 140 хүрнэ гэсэн таамаглал байдаг. Учир нь оюуны зуун, оюуны хөгжлийн эрин учраас хүмүүс урт насална. Монголын хувьд оюунлаг хүмүүс урт насалдаг.

•    Мэдлэг давамгайлсан эрүүл мэндийн тогтолцоог та юу гэж боддог вэ?

Нийгэм өөрөө мэдлэгт суурилсан чадварын нийгэм рүү явж байна. Одоо л эрүүл мэндийн тогтолцоо зөв голдрилдоо орох болно. монголын эрүүл мэндийн тогтолцоо өвчилсөн хойно нь, өвчин вирус нэлээн идэвхжиж, илрэн гараад эд эрхтэнд нь хүрсний дараа тийм өвчний вирус байна гэж оношилдог. Хүнийг эрүүл байхад нь биш, өвчилсөн хойно нь засах тогтолцоо байна. Yүнийг өөрчлөх цаг болсон. Зах зухаас нь ажил хийгдэж байна. Манай анагаах ухааны сургалт тааруу байна. Өөрөөр хэлбэл мэдлэгт суурилсан эрүүл мэндийн тогтолцоо байх ёстой. Гэтэлд манайд дандаа эмчилдэг эмчтэй. Эмч, эмчлэх, эмнэлэг гэж ярьдаг. Мэдлэгт суурилсан эрүүл мэндийн тогтолцоо барууны нийгмийн элит хэсэгт байдаг. Энэ нь нийгмийн баян хоосны ялгаатай холбоотой. Энд нэлээд их хэмжээний хөрөнгө мөнгө ордог. Монгол хүний нэг онцлог нь амьдралд их прагматик ханддаг. Өвчин тусаагүй байхад нь тусч магадгүй гээд 20.000 Т-ийн урьдчилан сэргийлэх эм уудаггүй мөртлөө туссан хойно нь 20.000Т-ний эм уудаг. Энэ нь нэлээн прагматик шинжтэй. Хүмүүс өвчин тустлаа ч хаа юм. Тустал их учир бий, цааш нааш болгоно. Болохгүй бол ламд очино гэх мэтээр боддог

•    Оюуны чадамжтай хүмүүсийн эрүүл мэндийн байдал хэр байв гэж та судлав уу?

Оюуны чадамжтай хүмүүсийн эрүүл мэнд сайн байдаг. Оюун ухааны ачааллыг дагаад, оюунжсан нийгэмд тархи мэдрэлийн, зүрхний чиглэлийн өвчнүүд ихсэж байна. Даралт нэмэгдэх, зүрх зогсох нь ихсэж байна.  Энэ нь бас нийгмийн нөхцөл байдалтай холбоотой. Ялангуяа Улаанбаатар хотод утаа униар, дуу шуугиан, нийгмийн стресс их байдаг. Yүнээс гардаг арга байна.  Энэ нь заавал утаан дотор ажил хийх албагүй. Интернет, холбооны сүлжээний шинэ технологи гарч ирж байна. Барууны нийгэмд бол оюунлаг хэсэг нь хотоос гарч эрүүл агаарт эрүүл юм хийдэг болжээ. Манайд бас ийм болох цаг ойрхон байна.

•    Эрүүл мэндийн боловсролд олгох хичээл дунд сургуулиудад ор нэр төдий байх шиг.

Yүнийг зөвшөөрч байна. Дунд сургуульд дандаа байгаль нийгмийн хууль заагаад байдаг. Шинжлэх ухааны мэдлэг чухал ч гэсэн үүнийг эрүүл биетэй хүн л мэдлэг болгож авдаг. Тэгэхээр саруул бие, эрүүл ухаан нь мэдлэгийн өмнө нь байх ёстой. Энэ талаар хүүхдийг эрүүл байлгах судалгаа бэлдмээр байна. Тухайлбал ЕБС-ийн хүүхэд аль таарсан ширээн дээрээ сууж байна. Уг нь хүүхдийг нэгдүгээр ангид ороход нь хараа сонсголыг шалгаад аль эгнээний хэддүгээр ширээн дээр суулгах гэх мэтийг нь зааж өгөх ёстой. Хойгуур суусан хараа, сонсгол муутай хүүхдэд самбарт бичсэн зүйл харагдахгүй, багшийн хэлсэн үг нь сонсогдохгүй. Хагас харсан, дутуу сонссон зүйлээ боловсрол гэж ойлгоно. Боловсролыг хүүхэд танхимд орохоос нь эхлэх хэрэгтэй. Нэг ангид хэдэн хүүхэд суух, хэдэн ээлжээр хичээллэх зэргийг  анхаарах хэрэгтэй.  Манайд анги дүүргэлт их, олон ээлжтэй, агааржуулалт муу, цонхоо онгойлгоход утаа униар, чимээ шуугиан, хотын төвлөрөл гэх мэтээс болж, хүний эрүүл мэнд, боловсрол олгох тогтолцооны хувьд  ихээхэн үл ойлголцол бий болж, тарамдаж байна. Яагаад тарамдаж байна гэхээр эрүүл бус, хараа муу, сонсгол дутуу оюуны хомсдолтой хүүхдүүдэд баахан тоо, хууль зааж байна. Энэ нь  буцаагаад боловсролын тогтолцооны өөрийнх нь үр нөлөөг сулруулж байна. Ийм хоёр талтай.

•    Танай хамт олон эрүүл мэндийн хичээл сургалтанд цөөхөн боловч цагаар тусгагддаг уу?

Энэ асуудал хувийн шинжтэй асуулт байна гээд орхиё.



•    Би эрүүл мэндийг тухайн хүний хамгийн үнэт баялаг гэж хэлэх дуртай. Таны хувьд.

Эрүүл мэнд хүний үнэт баялаг мөн үү гэвэл мөн. Гэхдээ зүгээр нэг эрүүл байхаар хүн болчихдог юм биш. Хүн сэтгэдэг оюунжсан амьтан. Эрүүл мэндийг тусад нь биш, тэр хүнтэй бүхэлд нь бүтээлч чадавхтай нь холбон авч үзэх ёстой.Өөрөөр хэлбэл хүн шиг хүн гэдэгтэй нь холбох ёстой. Ингэж байж эрүүл мэнд хувь хүний хувьд их үнэт баялаг болно. Эрүүл мэнд, оюуны баялаг хоёр хоёулаа хүний үнэт баялаг мөн.

•    Эмчилсэн дүр эсгэж эмнэлэгт хэвтүүлж байна гэсэн шүүмжлэл түгээмэл байдаг.

Энэ нь хоёр талтай. Эмчлэх нэр нь заримдаа өөр утга агуулгатай болдог. Эмч нарын эмчилгээ цаг үеийнхээ шаардлагаас хоцорч байна. Эмнэлгийн эмчилж байгаа технологи их хоцорсон байна. Эмч эмчлүүлэгчид эрх үүргээ мэдэж байна уу? Иймд эмнэлэгт эрчимтэй хувьсгал хийх хэрэгтэй болсон.

•    Дэлхийн анагаах ухаан ажил ахуйгаас нь тасалж, хаших эмчлэхээс татгалзаж болов. Энэ нь хандлага төдий юу?

Ер нь хүнийг байгаа бодит байдлаас нь салгаж эмчилдэг арга нь цаг үеэсээ хоцорсон. Урьд нэг сар эмчилдэг байсан. Одоо бол 14 хоног эмчилж байна. Баруунд 2-3 хоног эмчилж байна.Урьдчилан сэргийлэх болон завсрын үедээ байгаа нөхцөлд удаан архагшсан өвчнийг заавал тасалж үзэх шаардлагагүй. Гэрээр нь үзэх нь халдваргүй эрүүл ахуйн талаасаа найдвартай байдаг. Хүүхдүүд ханиад хүрэхээрээ эмнэлэгт очдог ч эмнэлгийн эрүүл ахуй муу, халдвар их дамжиж байна. Иймээс яваандаа гэрээр, байгууллагаар, ажлын цагийн хооронд эмчлэх нь их ахицтай. Yүнээс гадна өвчнөөс сэргийлэх нь их чухал байна.

•    Таныг эмчлүүлэгч гэж жишээлбэл юунд шүүмжлэлтэй хандах вэ?

Манай эмч нар их хүндэрсэн болохоо байсан үед нь ирж эмчилдэг.  Өвчний эхний шатанд нь илрүүлж эмчилвэл цаг хугацаа зардал хэмнэнэ. Төрийн ч хувийн ч эмнэлэгийн үйлчилгээ сул байгаад шүүмжлэлтэй хандах хэрэгтэй болжээ. Хүнийг нэг өвчинтэй, вирустэй эд эрхтэн тээж явдэг гэж л ойлгоод байна. Гэтэл хүний сэтгэл зүй талаас нь , хүн гэдэг үүднээс нь авч үзэхгүй байна. Өвчтэй хүнтэй хүн адил хандах нь чухал байна. Анагаах ухааны сургалтанд сэтгэл зүйн талын хичээл орохгүй байна. Баахан эм бичдэг, нэг техниктэй харьцаж байгаа юм шиг эмч олон байна. Эмч сувилагч нарын харилцааны соёлыг өндөр болгох шаардлага гарч ирж байна. Хүн бүхэнд тонголзоод байгаа хүнийг харилцааны соёлтой хүн гэхгүй. Харилцааны соёл өндөр хүн гэдэг нь оюунлаг хүнийг хэлнэ. Таны оюун ухааны хөгжил ямар байна тийм л харьцаатай байна. Тиймээс анагаах ухааны сургуулиудад оюун ухааны хичээлийг ахиу оруулах хэрэгтэй.

•    Ойр ойрхон шинжилгээ хийлгэх сонирхол архаг өвчинд төгс үнэлгээ болж чадахгүй мэт.

Архаг өвчин амархан эдгэрдэггүй их хугацаа зардаг, системтэй, хөтөлбөрийн дагуу эмчилгээ хийдэг. Шинжилгээний хариу гэх мэтэд анхаарах зүйл их бий.



•    Манайд нэг ч оношилгооны төв алга шүү дээ

Оношилгооны сайн төв алга, зөв онош тавих хэрэгтэй. Эрхтэн өвдлөө гэхэд цөмөөрөө өвдсөн биш. Тодорхой нэг хэсэг нь өвдөж үрэвссэн байж болно. Яг иймэрхүү нарийвчилсан оношлогоо бага байна. Зөв онош тавих хэрэгтэй. Нэг судас бариад, хэдэн юм асуугаад оношилж болохгүй. Yүнийгээ орчин үеийнхтэй хослуулж хэрэглэх хэрэгтэй. Хамгийн гол нь зөв оношилчихсон байхад эмчилгээ түвэгтэй биш болно.
•    Та хоолны дэглэм нарийн баримталдаг уу?

Хоолны дэглэм баримталж байсангүй. 90-ээд оноос өмнө дэглэм барих шаардлага гардаггүй байсан. Yдийн хоол биш, цай гэж ярьдаг байсан. Бага иддэг байсан болохоор дэглэм барих шаардлага байдаггүй байсан. Харин одоо дэглэм барьдаг хүмүүс бий болжээ. Зарим хүмүүс бүр тааралдсанаа, олдсоноо мэддэг хүн ч байдаг. Сүүлийн жилүүдэд жин нэмэх хандлага, наслалт зэргээсээ шалтгаалан хоолны дэглэм барих шаардлага гарч байна. Ямар үед ямар хоол идэх вэ? Ачаалал хэр их байна вэ? гэдгээс шалтгаалдаг. Жишээ нь: хичээл зааж байгаа үед нэг өөр хоол, ном уншиж байхад нэг өөр янзын хоол гэх мэтээр зохицуулдаг.

•    Таны мэдлийн асуулт, хариулт, бодлын ончироо.

Анагаах, анагаахын сургалтыг их анхаармаар байна. Нэгэнт өвдчихсөн хойно нь эмчилж анагааж байна. Өвдөхөөс нь өмнө хамгаалж, эрүүл байлгах хэрэгтэй байна. анагаахын сургалтаа үүнтэй холбомоор байна. Анагаах эмч нарыг оюунжуулмаар байна. Yүнд их анхаарал хандуулмаар байна. Монголын анагаах ухааныг орчин үеийн түвшинд аваачиж оюунжуулмаар байна.

Ярилцсан    С.Бадамжав


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats