Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Жалайр овгийн Бодийн Дагданбазар
Төрийн нүд хаачив аа…
Товч намтар
Жалайр овгийн Бодийн Дагданбазар
1946 оны 9 сарын 25 ны өдөр Говь Алтай аймгийн Халиун суманд төрсөн
Ам бүл эхнэр хүүхдийн хамт амьдардаг.
1965 онд АУДунд сургуулийг Эх баригч бага эмчээр төгссөн, 1976 онд АУДээд сургуулийг дотрын эмчийн чиглэлээр тогссөн.
1981 онд МУИС-ийн Сурганы дээд курс төгссөн,
1988-1989 онд ЗХУ-д мэргэжил дээшлүүлсэн.
1965-1966 онд Замын-Үүдийн Больницод эх баригч бага эмчээр,
1966-1968 онд Завхан аймгийн АЦХССтанцад байцаагч бага эмчээр,
1968-1970 онд мөн аймгийн Яруу сумын хүн эмнэлгийн салбарын эрхлэгчээр ажиллсан.
1976 оноос одоо хүртэл АУДээдС, АУИС, ЭМШУИС-ийн Анатомийн тэнхимд багшаар ажиллаж байгаа,
1984-1988 онд орлогч декан, 1995-1997 онд Эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажилласан.
   - Таны бага нас хаана яаж өнгөрсөн бол оо?
   - Миний бага нас хөдөөний айлын хүүхдийн адил хот айлын дунд, хурга ишиг, хонь малын бэлчээрт морь унаж, найман наснаас Говь-Алтай аймгийн төвийн арван жилийн сургуулийн будаг нь ханхалсан шинэ барилганд 1-6-р ангид, хотын арванзургадугаар сургуульд долдугаар ангид ерийн сурагчийн адил өнгөрсөн.
   - Таны дүр кононд бий гэл үү?
   - Тэр их дурсгалтай шүү. 1961 оны улсын наадмын өмнөхөн одоогийн Лениний хөшөөтэй цэцэрлэгт хоёр дүүгээ дагуулаад явж байтал хоёр хүн ирээд чамд сурагч форм , галстуг бий юу? гэнэ. Би,-Бий гэлээ. Маргааш өглөө Зөвлөлтийн фавилон одоогийн үзэсгэлэн чимэглэл байгаад очиорой л гэсэн.  Тэгсэн сүүлд мэдэхнээ нь УГЗ Хишигт гуай, туслах найруулагчтайгаа явсан юм билээ. Тэгээд “Баясгалан” гэдэг кинонд хоёр гурван хүүхдийн хамт долоо хоног шахам  өглөө бүр нүүрээ будуулж, өдөр хоол идэж, зураг авахуулж яваад эцэст нь 35 төгрөг өгсөн. Тэр бол  улсаас авсан анхны ажлын маань хөлс урамшуулал байсан. Тэр үед урлагийн мундаг хүмүүсийг харж айж, имээж гайхаж явсан минь урлаг уран бүтээлд элэгтэй болгосон байх шүү.     
   - Та яагаад эмчийн мэргэжлийг сонгосон бэ?
   - Би өөрийн сонирхолоор сонгоогүй. Нагац ах Г.Бадарч, Аав хоёр маань яриад наймдугаар ангид орох намар,  АУДунд сургуульд хөтөлж аваачиж бүртгүүлсэн. Тэр өдрөө хэд хэдэн шалгалт өгсөн. Хэд хоногийн дараа шийд нь гарахад тэнцсэн байсан. Арвантавхан настай долоо төгссөн хүүхэд яаж мэргэжил сонгохоо мэдэхэв дээ. Эхний хоёр жил багш нар ялангуяа орос хэлний Ёжоо багшдаа өхөөрдүүлсээр яваад юу болсныг мэдсэнгүй. Нэг мэдэхэд хоёр жил болоод гуравдугаар курсдээ дадлагат гарч эмнэлэг, төрөх  дээр жижүүр хийж, гардан үйлдэлд суралцаж, зарим эхчүүд, өвчтөний баяр талархалын үг сонсоод, багш нар сурч байна гээд урам хайрлахаар аяндаа мэргэжилдээ дасаад, улам сонирхоод хичээлээ уншиж шамдсан даа.
    - Таны ажлын гараа хаанаас эхэлсэн бэ?
     - Замын-Үүдийн больницын эх баригч бага эмчээр томилогдож очоод ажлаа авсны  маргааш өглөө төрөх эхийн дуудлагаар эхэлсэн. Тэр жилдээ 52 хүүхэд эсэн мэнд эх барьж авсан бүртгэл нь саяхан болтол хадгалаатай байсан.
     - Эхэлж ажиллахад бэрхшээл олон байсан биз дээ.
     - Тэр үеийн Анагаах ухааны дунд сургуулийн сургалт даан ч сайн байсныг төгсөөд ажил хийж эхэлсэн мөчөөс мэдэрсэн. Эх барихын багш Ц.Дэмид /биднийг төгссөн  жил гавъяат эмч болсон/, багш Доржбат, Наваансамдан, дотрын багш Лхамсүрэн, мэс заслын багш Гэпил, халдвартын Г.Цэрэндагва, латин хэлний Базаррагчаа, эмийн Лханаажав нар чин сэтгэлээсээ зааж, өөрийн төрхөөрөө хүмүүжүүлэн, мэдлэгээрээ  үлгэрлэн, соёл боловсролыг бидэнд чамгүй олгосон байж билээ.
      - Хөдөө ажиллахад ахмад эмч нар түшиг тулгуур болно биз дээ?
      - Тэгэлгүй яахав Замын -Үүдийн больницын эрхлэгч их эмч Долгорсүрэн. Их эмч Таня нар ер нь олон жил ажилласан сувилагч нар  маань ч сандарч тэвдсэн мөчид тус  болдог юм. Завхан аймгийн  ариун цэвэр халдвар судлалын станцын дарга Сандагдорж,  түүний эхнэр их эмч Лхагвасүрэн, лаборант Чойжилжав, жолооч Аюурзана, Яруу сумын ахмад сувилагч *Аяаа доктор* хэмээх Адъяа гуай, сувилагч Бат-Өлзий, жолооч Багабаньд гээд нэрлэж дуусахгүй олон ахмадын тус түшиг тулгуурыг мартах аргагүй шүү.
      -Таныг жүжиг найруулан тавьж тоглож байсан гэж нэг сонинд бичсэн байсан
      - Тэр ч залуу цагийн халуун цочмог явсны илрэл, миний найз Ж.Лахнаасүрэн бид хоёр хүн эмнэлгийн техникумын оюутан байхдаа хоёрдугаар курсээс эхлээд циркийн алдартай алиа Данзан гуай, Содном гуай  хоёрыг дуурайж шог гараа /одооны хошин шогийн эхлэл/ тоглодог байлаа. Нэг үйлдвэрийн үдэшлэг дээр тоглоод ороод иртэл нөгөө хоёр маань бид хоёрын дараа тоглохоор зогсож байхад, яасан их айсан гээч, харин тэгтэл нөгөө хоёр маань   бид хоёрт баяр хүргээд үнсэж билээ.
    Замын -Үүдийн больницод ажиллаж байхад МАХН-ын 15-р их хурал угтсан, бүх ард түмийн урлагийн үзлэг болж, Үйлчилгэний байгууллага “Эмнэлэг, цэцэрлэг, дэлгүүр” нэг баг болж бэлдсэн. Тэгэхэд Ч.Ойдовын зохиол “Албаны хүмүүс” жүжгийг найруулан, өөрөө намын даргын дүрд тоглож, албан газруудаас түрүүлж “Залуучуудын үнэн” сонинд зураг маань тавигдаж, амьхандаа хөөрч байв. 
      - Одоо та хаана ажиллаж байна?
      - Одоо ч юу байхав, 1976 оноос АУДС, АУИС, ЭМШУИС-ийн Анатомийн тэнхимд 35 дахь хичээлийн жилтэйгээ золгоод явж байна.
      - Та багш нарынхаа тухай ярихгүй юу?
      - Дуртай яаа ярье. Бидний үе их азтай улс, Монголын анагаахын алтан үеийнхнээр,  орчин үеийн хэлээр анагаахын *Од*-уудаар хичээл заалгасан юм. Анатомийг Гүржавын Дорж, Сэдэдийн Дугарсүрэн, Чойжингийн Нээчин, Эрүүл физиологийг Галсангийн Дашзэвэг, Гомбосүрэнгийн Батмөнх, Эмгэг физиорлогийг Баатрын Од, Эмгэг анатомийг Дашийн Цэдэв, Микробиологийг Ганжаагийн Жамба,  эм зүйг Дэмбэрэлийн Балдандорж, Жүгдэрийн Цогнэмэх, Дотрын хичээлийг  Бямбажавын Рагчаа, Цэвэгжавын Ишханд, Долгормаа,  мэс заслыг Түндэвийн Шагдарсүрэн, Вандан-Ишийн Ичинхорлоо, Пэлжээгийн Долгор, Ч.Батмөнх, мэдрэлийг Загровский, Равдандорж, сэтгэцийн эмгэг судлалыг Шанжийн Доржжадамба, Бямбасүрэн,  эх барихыг Мижидийн Дамбадорж, Дондогийн Цэвэлмаа, хүүхдийн өвчнийг Намжилын Гэндэнжамц, Эрээдэрийн Лувсандагва, халдвартыг Гөлөгийн Цэрэндагва, Дуламсүрэн, нүдний өвчнийг Ринченгийн Нямаа, Тумбааш, арьсны ба өнгөний өвчнийг Чоймболын Долгор, Эрүүлийг хамгаалахын зохион байгуулалтыг  Доржийн Цагаанхүү, Чих хамар хоолойн өвчнийг  Лодойн Шагдар … гээд тоолоод баршгүй дээ.
     - Та багш нарынхаа тухай цуврал ном бичсэн байхаа?
     - Тиймээ би ч юу байхав миний шавь Лхагжавын Зориг Эрүүл мэндийн сайд байхдаа намайг нэг удаа дуудаад Аюурсэд гэдэг хүний бичсэн номыг хэвлүүлж болох эсэх талаар санал асуух ялдамдаа –Багш аа урлагийнхан “Одууд” гэж их ярих болж, манай анагаахын “Одууд”-ын талаар та ном бичихгүй юм уу гэсэн нь надад нэгийг бодуулсан юмаа. Түүний дараа би эмч эрдэмтэд 21 хүний хөрөг найруулал бүхий “Эмчийн зүрхэн тарни” номоо бичиж нийтлүүлсэн. Дараа нь ЭМШУИС-ийн удирдлага ярилцаад Ахмадуудын цуврал ном бүтээх комисс /ерөнхий редактор Ц.Лхагвасүрэн/ байгуулсанд миний бие орсноор “МОНГОЛЫН АНАГААХЫН МЭРГЭД” цуврал ботийн анхных нь АУДээдС-ийн  анхны захирал Дэмбэрэлийн Балдандоржийн боть, энэ цувралын 2-р нь Ринченгийн Нямаагийн, 5-р нь Бямбажавын Рагчаагийн боть, 7-р нь Сэдэдийн Дугарсүрэнгийн боть,10-р боть Чоймболын Долгор, 12-р нь Чойжингийн Нээчингийн ботиудыг гардаж бичсэн дээ.   Энэ нь түүхийг үнэнээр нь  үлдээх гэсэн урвашгүй бодол юм даа.
 
       - Та нар Монголын Анагаах Ухааны Зохиолчдын Холбоо байгуулсан энэ талаараа
      -  1995 онд Амеркийн анагаах ухааны зохиолчид ирэх болж ,  АУИС-ийн захирал Г.Жамба багш намайг дуудаад, эмч зохиолчдоо нэрсий нь гаргаад цуглуул гэлээ. Би хэлсэн ёсоор нь  арваад эмч зохиолчийн нэр бичээд цуглуулах гэж байтал захирал дахин дуудаад, тэр чинь арай биш юм байна. Эмч нийтлэлч сэтгүүлчид ирэх юм байна чи тийм хүмүүсээ нэрсий нь гаргаад цуглуулахад бэлтгэж бай гэсэн. Намар нь Амеркийн анагаах ухааны зохиолчид ирлээ. Тэгсэн тэд хүний их эмч бөгөөд анагаах ухааны нийтлэлч зохиолчид байсан юм.
            Үүний дараа миний  найз Жигдэнванчигийн Лханаасүрэн, шавь Гомбын Пүрэвдорж тэргүүтэй хүмүүс санаачлан уг холбоог байгуулсан юм.
     - Таны судалгааны ажлын сэдэв, үр дүн?
     - “Монгол хүүхдийн их зулайн судасжилт, бүтүүрэлт” сэдвээр 1992 онд анагаах ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. Энэ ажлын үр дүн гэвэл эрүүл өсөн торниж буй 0-3 насны хүүхдийн бие бялдрын өсөлт, түүний толгойн тойрог, хөндлөн, дагуу хэмжээнүүд, их зулайн талбайн хэмжээ төрснөөс хойш ямар явцтай байсаар хэдийд битүүрэх хийгээд зулайн эдийн гурван давхаргын судасжилтыг судалснаар дунд давхарганд бичил эргэлтийн судасны холбоос ихтэй энэ холбоос нь зулай буюу гавал нэвтэлсэн судасны холбоосны нэг төрөл болохыг нотлоод мөн энэ давхарганд шинээр хялгасан судас ургаж буй байдлыг тогтоосон нь хүний эд эрхтэнд судас хэрхэн ургадаг    үзэгдлийг анх тайлсан юм.  ,  
     - Таны шинжлэх ухааны докторын ажлын сэдэв, үр дүн?
     - “Орчин үеийн биеийн бүтэц зүй судлалын хөгжилд монголын эмч, зодч нарын бүтээлийн үүргийг тодорхойлох асуудалд” сэдэвт бүтээлээр 2003 онд АШУ-ы докторын зэрэг хамгаалсан. Энэ ажлын тухайд “Дээрээс тогтоосон дүрс тус бүрийг бүтгэсэн бичиг” хэмээх монголын анагаах ухааны дээд доод хоёр боть нийт зургаан дэвтэр бүтээлийн эхний дөрвөн дэвтэр нэг ботийг голлон задлан шинжлэж, өрнийн анагаах ухааны зохиолуудтай жишин харьцуулж уг бүтээл орчуулгын бүтээл бус монголын мэргэдийн хамтын зохиол болохыг батлахын зэрэгцээ, булчирхай судлалын хэсгийг өргөжүүлэн шинээр судлан цааны хамрын орооны хоёр булчирхайг /Б.Баасансүрэнтэй/ олж, тарваганы хүн мах буюу бор өөхний бүтцийг судлаад лимфойд эдийн бөөгнөрөл агуулагдаж буйг /Г.Пүрэвдоржтой/ тогтоосон юм. Мөн бор өөхний үр хөврөлийн үүсвэрийн таамаглалыг дэвшүүлснээр,   нойр булчирхайн үрэвслийн үед хэрэглэх онолын үндэслэлтэй болохыг нотолсон юм.
    - Та шавь нарынхаа талаар яриач …
    - Анагаах ухааны доктор С.Түндэврэнцэн, Б.Баасансүрэн, Л.Аня, М.Оюундэлгэр, Г.Пүрэвдорж гээд тав, анагаах ухааны магистр С.Олдох, А.Балжинням, С.Одонгуа, Ж.Болортамир, Ч.Батнайрамдал,О.Эрдэнэзаяа гээд 10 гаруй байна. Оюутан ахуйд нь хичээл зааж анатомийн олимпиад, оюутны эрдэм шинжилгээний дугуйланд суралцуулж байсан шавь нараас АШУ-ы доктор О.Сэргэлэн, АУ-ы доктор С.Бадамжав, Н.Сүмбэрзул, Отгон, Р.Отгонбаяр гээд олон арав бий. 
    - Таны уран бүтээлийн эхлэл тэр дундаа “Ар цармын цэцэг” дуу хэрхэн төрсөн юм бэ?
    - Энэ миний дууны анхны шүлэг 1969 онд Завхан аймгийн Яруу сумын хүн эмнэлгийн салбарын эрхлэгч байх үед тэр сумын соёл урлагийн гурав хоногийг аймагт хийхээр бэлтгэж байх үедээ хөгжмийн зохиолч Цэндийн Дашзэвэг агсан нэг орой -Одоо нэг уянгын дуу хиймээр байна. Чи шүлгийг нь бич гэснээр тэр шөнөдөө “Чамдаа” шүлгээ бичсэн. Өглөө нь аваачиж өгөхөд шууд хөгжмөө аваад дугарган нотлож эхэлсэн. Тэр өдрөө хоёр хувилбар нот бичээд надад дурсгасан нь одоо хүртэл хадгалагдаж байгаа даа.
     -  Энэ Баяраа агсны дуулсан ая мөн үү?
     - Биш ээ. Тэр анхны аяаар нь Завханд дуулдаг байсан. Харин хожим Зундуйн Зуундарийн аяаар Баарайн Баяраа дуулж түгээсэн. Түүнээс хойш дуулсан Цогтдэлгэр, Батболд, Буянбат, Наран, Батсүх, Жавхлан гээд олон дуучид бас хамтлагууд дуулсанд баярладаг юмаа. Бас Өвөр монголд ардын дуу гээд дуулж байдаг гэж телевизээр ярихыг сонсоод, баярлах ч шиг  сонин санагдаж байсан шүү
      - Өөр түмэнд түгсэн дуунууд байгаа л байх даа.
      - Бий бий. Т. Насанбуянгийн хөгжим “Эмчийн сайхан сургууль” манай сургуулийн оюутнууд гучиад жил дуулж байна. Мөн “Эрийн гурван наадам”, “Тэнгэр шүтээн хоёр”,”Жаалуудаа жаахан тоглоё”,  Эрднэгийн ая “Багын жаахан Ванжидмаа”, Г. Эрдэнэбаатарын ая “Эрдэнийн шүтээн голомт”  Г. Эрдэнэчулууны хөгжим “Багшийн ач”, Чинбатын ая “Чи минь над даа учраа юу”, Түмэнжагалын ая “Анхны нандин хайр “, “Эрүүлийг хамгаалахын бүсгүйчүүд” гээд нилээд  бий дээ.
      - Та хүүхдийн дуурийн цомнол бичсэн гэл үү?
      - Тийм ээ. Хөгжмийн зохиолч Гэндэнгийн Цэндорж гуай надтай яриад “Царцаа Намжил” үлгэрээр хүүхдийн дуурь бичие гэж цомнолыг нь бичүүлсэн, 1993 онд Хүүхдийн ордонд тавигдсан, найруулагч Намжил, хөгжмийн удирдаач Дэндэв, гол дүрд Насан гэж хүүхэд дуулсан, бүжгийг нь Жаргалсайхан багш дэглэсэн.
     - Яруу найргийн номоо нэрлээ ч.
     - “Сэтгэлийн хур”1992 он, “Бодлын хур” 1999 он, одоо “Ухааны хур” ном баримтагтайгаа байна даа. Бас дууны шүлгийн ном маань хэвлэхэд бэлэн байгаа.
     - Санаанд тод байдаг нийтлэлээ дурсах уу?
     - Монголын европ боловсролтой анхны  хүний их эмч Ц.Сэржмядаг гуайн охин Карма ЭМ-ийн сайд П.Нямдаваатай уулзаад -Ээжийнхээ тухай ном гаргамаар байгааг хэлжээ. Гэтэл сайд намайг зааж өгөөд явуулсан байв. Ингэж “Анхны доктор Ц.Сэржмядаг номыг эмхэтгэж хэвлүүлсэн хойноо санаанд нэг юм дутаад байх шиг болохоор нь “Алтан өлгийд оршуулсан анхны эмчийн хөшөө хайчив” нэртэй нэхэл найруулал бичээд “Үнэн” сонины орлогч эрхлэгчид өглөө. Сар гарны дараа нийтлэгдсэн. Харин сарын дараа нэг өглөө Карма гуай утсаар –Ээжийн хөшөөг босгосон өнөөдөр арван цагт очиж нээх болсон. Та ирэх үү гэнэ. Даан ч тэр өдөр хичээлтэй байгаад очиж амжаагүй. Дараа нь явж байгаад очиж үзсэн. Яг анхны хөшөөний зурагтайгаа адил болсон байна билээ.  
     -  Сурах бичиг, гарын авлагынхаа талаар …
     - Сурах бичиг гэхээс анх залуу багш байхдаа оюутны гарын авлага хэрэгтэй юм байна гэж бодоод тэнхимийнхээ хамгийн залуу хоёр багштайгаа ярилцаад “Анатоми эхлэн суралцагчдад тусламж 1, 1978 он, 2, 1979 он номыг Д.Амгаланбаатар, Б.Пүрэвсүрэн хоёртойгоо бичиж, Ч.Нээчин багшаар хянуулж хэвлүүлсэн. Түүнээс хойш Амгаланбаатар багштайгаа  мөн шавь нартайгаа бараг хорь гаруй  ном сурах бичиг, гарын авлага, “Өнгөт зургийн цомог”, “Мэдрэл мэдрэхүйн эрхтэний атлас”, ”Дотор эрхтэний атлас” “Монголын уламжлалт анагаах ухааны засал”, “Монгол хануурын увдис” зэрэг бүтээлээс гадна  нэрлээгүй нь олон байх аа.
      - Эмч бэлтгэхэд анатомийн мэдлэг хамгийн чухал шүү дээ үүний талаар…
      - Тиймээ тэнхимийнхээ эртний бичиг баримт үзэж байхад Анатомийн улсын шалгалтыг онц сайн өгсөн оюутан ахисаар яваад сургуулиа онц сайн төгсөж, багш, эрдэмтэн, алдартай эмч болсон хүмүүс олон байдаг юм. Жишээ нь Академич П.Нямдаваа, Л.Лхагва, Цэрэндаш, доктор Л.Одончимэд, Д.Энэбиш, Б.Ганбаатар гээд тоолшгүй олон доо. Манай алдартай мэс засалч Пэлжээгийн Долгор багш та нар анатомийг оюутандаа сайн мэдүүлж явуулбал бидэнд их амар шүү,  Ер нь анатоми мэдэхгүй хүн оношоо зөв тавьж, эмчлэх улмаар мэс засал хийнэ гэж байхгүй шүү л гэдэгсэн.
     -  Таныг бараг толь зүйч гэх юм аа?
     - Тэр ч арай ахадсан хэллэг байна. Харин их ухаантай, алсын хараатай Ч.Нээчин багшийнхаа ачаар цэл залуудаа бараг ямар бүтээлд оролцож буйгаа сайн ухаараагүй ч өгсөн үүргийг нь биелүүлж явсан чинь хожим “Монголын нэвтэрхий толь” 1, 2-р ботийн зохиогчид багтсан даа  баярладаг. Бас Базрын Дэмбэрэл багш, энэ тольд анагаахын эрдэмтэдийн намтрын товчийг бичээч гэснээр нь түүж цуглуулж оруулсан. Мөн “Анагаах ухааны хураангуй толь” “Анагаах ухааны танин мэдэхүйн толь”-д ч адил, Хүний биеийн бүтцийн нэр томъёо, анагаахын мэргэд, алдартны танилцуулгыг голлож оруулах гэж л оролдох юм даа.
    - Та ер нь хүндэтгэж явдаг хүнээ нэрлээ ч…
    - Аавынхаа ухааныг биширдэг юм. Намайг өдий зэрэгт хүргэх гэж сумаас аймагт, аймгаас хотод авч ирж, сургуулийн мөр хөөлөгсөнд, нагац ах Галдангийн Бадарч хөтөлж хүн эмнэлгийн техникумд оруулсныг, авга ах Шагалын Түмэндэлгэр бага эмч болсон юм, их эмч бол, их эмч багш болсон юм, миний дүү эрдэмтэн болоорой, чамд тийм чадвар бий гэж бичиж өгсөнд, Товуугийн Батсүх багш анатомийн тэнхимд багш бол гэж тушаасны ачаар, мөн өөр олон сайхан багш нарынхаа заавраар яваа болохоор хүндэтгэхээс өөр аргагүй дээ.
    - Хүмүүс өөрсдийнхээ бие махбодын бүтцийг хэрхэн мэддэг бол?
    - 1987 онд Монголын радиогийн “Эрүүл мэнд” нэвтрүүлгийн 15 цувралаар Амгаланбаатар багш, бид хоёр “ Та өөрийгөө хэр сайн мэдэх вэ”  сэдвээр хүний гараас эхлээд, хүний биеийн арваад тогтолцооны талаар ярьсан юм. Тэр нэвтрүүлгийг хот хөдөөгийн олон арван хүн сонсдог байсан. Тэгэхээр хүн өөрийнхөө биеийн бүтцийг тэр дундаа биеийнхээ өвөрчлөл, ямар хоол унд ямар бие бялдартай  хүнд зохимжтой, ямар хүнд ямар нь зохимжгүй талаар, яавал эрүүл саруул байх гээд олон зүйлийг мэдэхийг их хүсдэг юм билээ.
     - Танд үлдээх санал…
     -  АУДунд Сургуулийг татан буулгаж Эх баригч бага эмчийн ангийг устгасан нь Сумын төвөөс хэдэн арав зуун километрийн зайтай өвөл зун машин даваж болдоггүй олон багийн малчин ардын эрүүл мэнд үндсэндээ эзэнгүйдсэнд,
    нөгөө талаар хүүхдийн эмчийн ангийг бас үгүй хийсэнд, сэргээж байгааг хааж байгаад, ирээдүйн маань эрүүл мэнд бүрхэг болсныг зүйрлэвэл 2003 онд Японд түргэн тусламжийн нэг эмчтэй уулзаад ямар бэрхшээл буйг асуухад -Манай улс хүүхдийн эмч бэлтгэхээ болиод хориод жил болсон чинь, одоо түргэний тэргэнд нялх хүүхэд эндэх нь хэцүү боллоо гэж ярьсан гашуун үнэн, монголд удахгүй нүүрлэх юм шиг санагдана. Энэ бүхэнд төрийн нүд хаачив аа.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats