Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Өндөр өвгөн
    Манайхтай ойролцоо нэг өндөр өвгөнийх байх. Их гоё, бараг хоёр давхар гэмээр, улаан тоосгон байшинд хөгшинтэйгээ хоёулхнаа их тохилог сууна.  Хүүхдүүд нь унаа машинтай, байнга эргэж тойрч халамжилна. Тэд энэ байшинг саяхан барьж өгсөн юм. Өвгөн өндөр биетэй, туранхай, үг дуу цөөтэй, чих хатуутай бол, эмгэн нь харин хавь ойрын амьтанд тустай, энэ айлын бүх ажлыг зохицуулдаг. Сүрхий сэргэлэн, хөнгөн шингэн нэгэн. Өвгөн ойр орчны айлууд юм хийж байвал хараад зогсох, сонгуулийн ухуулга, энэ тэр болбол орж ирээд суучихсан байна. Эднийд ач зээ нарынх  нь болов уу гэмээр хоёр гурван жаахан хүүхдүүд байнга байна. Өвгөн наян насыг хол гарсан болохоор эдний өөрийнх нь хүүхдүүд дор хаяж тавь нилээд гарсан байх ёстой, тийм болохоор энэ жаахан хүүхдүүд ачийнх нь, эсвэл зээгийнх нь байж таарна.        
    Зуны нэг өдөр намайг хашааныхаа гадаа гараад сууж байхад, өндөр өвгөн, эр ноосоо авуулсан, тушаатай тэмээ шиг амьтан ойр ойрхон алхалсаар хүрч ирээд, мэндний оронд: - Би одоо хэрэггүй болж байгаа юм байхаа, хөөж байна гэж байх юм.“Ээ золиг оо?, хөгшнийхөө уурыг хүрэгчихэж, хоёулхнаа сүүтэй цай уугаад, хуушуурдаж суудаг улс чинь” гэсэн шүү юм бодоод би.. -“Өө тэгээ юу, тун тоогүй, та тоохгүй л бай” гэж зөвлөв. Төд удалгүй нохой шиг хэдэн бөртөгнөсөн  юм гүйгээд ирэх нь нөгөө миний хэлээд байсан ачийнх нь юмуу зээгийнх нь хүүхдүүд. Бид хоёрыг тойрч зогсоод өвөөгөө аргадаж байлаа. Нэг охин гараас нь бариад авав, өвгөн гоморхлоо шууд л мартаж, мээсийгээд ирэв, дөрөв, таван насны гэмээр нэг хүү:-Өвөө та гэртэй ороо, би эмээг аргалчихна, цаад хөгшинд чинь аятайхан хэлээд өгьеэ гэж чихэнд нь хашгирав. Өвгөн:- Тиймүү, тэгвэлч харьдаг юмуу гэж байх нь тэр. Би ч гэсэн: - Та минь харь, харь гээд дэм өгөхөд, жаахан хүү, хоёр охин , хоёр гараас нь хөтлөөд, араас нь бас нэг түнтгэр, үсээ хусуулсан баньд түрээд, өндөр өвгөн маань эгээ л сул тэмээ шиг хол хол алхлан гэрлүүгээ явж одов.        
    Хэд хоногийн дараа нэг ач нь жийптэй ирээд, өвгөнийг нөгөө гуравтай нь хөдөө авч явж байх шиг байна. Эмгэн нь шанагатай сүү бариад, хойгуур урдуур нь гүйгээд, тахил өргөөд хоцорч, өвгөн хоёр одонгоо,  шинэ үйтэнхуар дээлэн дээрээ зүүгээд машины урд талын суудалд тухлан гараад өглөө. Эр хүн болж, малгай хотоо сэргээг. Давраад олон юм үглээд байгаа эмгэндээ би явлаа гэж айлгахад болохгүй нь юу байхав дээ. 


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats