Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Нүдний ханиад
Манай улсад нүдний ханиад хэмээх вирусээр дамжин халдварладаг өвчин нэмэгдэх хандлагатай байна. Нүдний ханиад нь нүдний харааг муутгах аюултай өвчин бөгөөд нүдний эмнэлгүүдэд өдөрт хоёроос гурван хүн дээрхи өвчний улмаас хандаж байна. Энэ өвчин нь нүд торох, загатнах, их хэмжээгээр улайх зэрэг шинж тэмдгээр илэрдэг бөгөөд хэрэв ийм шинж тэмдэг илэрвэл яаралтай мэргэжлийн эмчид хандаж эмчлүүлэх шаардлагатай бөгөөд дур мэдэн эмчилгээ хийж болохгүй . Учир нь дээрхи өвчин даамжирвал нүдэнд цагаа унаж нүдний хараа муудах цаашлаад хараагүй болох аюултай юм.
 
-Хэрхэн халдварлах вэ?
Агаар дуслын замаар болон ахуйн байдлаар халдварлана. Мөн нийтийг хамарсан газар нэг хүн л өвдвөл бусад нь шууд халдварлана. Сургууль, цэцэрлэгт ч мөн адил. Халдвар дамжих наад захын зүйл гэвэл нүүр гарын алчуур, гарын савангаар халдварлана. Мөн бохир гар, аяга таваг зэрэг бүхий л ахуйн байдлаар халдварлана. Дээрхээс гадна бассейн эсвэл тогтмол уснаас нүд амандаа хүргэсэн тохиолдолд халдвар авна.
Аденовирусийн халдвар авсан анхны шинж тэмдэг хэрхэн илрэх вэ?
Уг өвчин нь удаан өвдөж хөндүүрлэж байж эхэлдэггүй. Гэнэт л юм орсон мэт аргаж, нуухтан, халуун нулимс гоожиж эхэлдэг. Тэр ч бүү хэл шөнө унтаж байхад дэр нь нэвтэрч болох тийм их хэмжээний халуун нулимс гардаг. Өөрөөр хэлбэл бүх шинж тэмдэг зэрэг илэрдэг юм. Нуух нь харшлынх шиг ногоон өнгөтэй бус наалдсан, цавуулаг ч гэх юм уу тийм нуух гардаг.
-Бусад нүдний өвчлөлөөс юугаараа ялгаатай вэ?
Хамгийн наад захын жишээ гэвэл нүдний энгийн харшилтай хүний нүднээс хэзээ ч нуух гардаггүй. Гэтэл аденовирусийн халдвар авсан хүнийх тэс өөр байдаг. Тухайлбал, нэг нүд нь зүв зүгээр байхад өвдсөн нүд нь их улайлттай байх жишээтэй. Маш их улайж, хавддаг. Судаснууд нь өргөсч, байнга нулимс гардаг.
-Аденовирусийн халдвараар өвчлөгсөд хэдий орчим насных байна вэ?
Хөгшчүүл өвдөх нь харьцангуй гайгүй байгаа. Бага насныхан ч мөн адил. Дунд насныхан буюу залуучууд өвдөх нь олонтаа байгаа. Учир нь энэ насныхан эрүүл мэнддээ төдийлөн анхаарал тавьдаггүй, өвдсөн ч гүйцэд эмчилгээ хийдэггүйтэй нь холбоотой болов уу. Нүдний өвчин нь бусад төрлийн ханиадтай ижил эмээ ч уугаад, ажилдаа ч яваад байна гэж байхгүй. Өвдсөн л бол гурав хоног заавал хэвтэх ёстой байдаг. Тэгэхгүй бол хүндрэхээс гадна бусдад тараах аюултай байдаг.
-Их хүндэрвэл яах вэ?
Аденовирусийн ханиад их хүндэрвэл нүдний эвэрлэг цоорох, нүдэнд цагаа унах гэх мэт аюултай байдаг. Гэхдээ эмчид эрт хандсан тохиолдолд ийм асуудал гарахгүй.  Xүмүүс гэрээрээ, бусдаас сонссон эм, тосоор эмчлээд байх юм. Зарим хүмүүс янз бүрийн химийн тариа энэ тэр хийлгэчихсэн ирдэг. Ийм эмчилгээг дураараа хийсэн хүмүүсийн эдгэрэх явц нь маш удаан байгаа юм. Нөгөө талаар уг ханиад нь нэг хүнээс нөгөөд дамжин халдварлахдаа шинж чанараа өөрчилчихдөг. Тиймээс нэг хүнд таарсан эм, тос нөгөө халдвар авсан хүнд таарна гэж байхгүй. Тухайн хүнийг үзэж байж л тийм эм тохирно гэдгийг нь хэлж өгнө. Тиймээс зовиур илрэнгүүт эмчид л хандах нь чухал.
-Энэ ханиадыг төгс эмчлүүлэхэд хэдий хугацаа шаардлагатай вэ?
Цаад хугацаа нь 14 хоног болдог. Ер нь бол 5-10 хоногийн дотор эдгэрчихнэ.
-Уг өвчнийг эмчлүүлсэн ч цаашид тухайн хүний нүдэнд сөргөөр нөлөөлөх тохиолдол бий юу?
Төгс эмчилсэн тохиолдолд ямар нэг нөлөө байхгүй. Дутуу эмчилбэл цаашид даамжирч дээр хэлсэн эвэрлэг цоорох гэх мэт аюул гарч болзошгүй. 

-Хэрхэн сэргийлэх вэ?
Ахуйн ариун цэврийг л сайтар сахих нь чухал. Мөн өвчтэй хүнтэй хавьтахгүй байх хэрэгтэй. Хэрэв өвдсөн бол гэртээ байж, тусгай аяга, таваг гэх мэт зүйл хэрэглэж, бусдад тараахгүй байхыг сануулъя. -Уг өвчнөөс сэргийлэхийн тулд юуны өмнө биеийн эсэргүүцлээ сайжруулах нь чухал. Мөн өвчтэй хүнтэй ойр байхаас аль болох зайлсхийх, нүүр гарын алчуур, нүдний дусаагуураа сольж хэрэглэхгүй байвал өвчин авахгүй. Бас бохир гараар нүдээ нухахгүй байх, гараа ойр ойрхон угааж байх хэрэгтэй.

-Нэг удаа өвдсөн хүнд хоёр дахиа халдварлах уу?
Манайд хандаж байгаа хүмүүсийг харж байхад төгс эмчилсэн тохиолдолд дахин өвдөхгүй байгаа.

-Аденовирусийн халдвар аль улиралд гарах магадлал их байдаг вэ?

-Зун харьцангуй гайгүй байдаг. Өвөл, хаврын улиралд л дэгдэх магадлал өндөр.
Нүдний ханиад хүрсэн хүн яах ёстой вэ?
-Юуны өмнө нүдний мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Ингээд эмчид үзүүлсний үндсэн дээр эмчилгээг зааврын дагуу хийх нь чухал. Нүдний ханиад хүрсэн тохиолдолд эмийн сангаас дур мэдэн эм авч хэрэглэснээс хугацаа алдан өвчнөө хүндрүүлэх тохиолдол их гарч байна. Тухайн үрэвсэл нь эхэндээ салстын хэмжээнд голдуу нэг нүд өвчилдөг. Энэ үед нь үзүүлээд зохих эмчилгээг нь хийлгэвэл нүдний эвэрлэг үрэвсэж, өвчин хүндрэхгүй.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats